ШҮҮХ: Долоон машин мөргөж, хүүхэд гэмтээсэн Ч.Маралмаад жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1,7 саяаар торгож, Хан-Уул дүүргээс хоёр жил гадагш зорчих эрхийг нь хязгаарлажээ
Хоёр удаа хойшилсон Ч.Маралмаагийн шүүх хурал болж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасч зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлалаа. Тэрээр долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн осол гаргасан билээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд Ч.Маралмаад холбогдох хэргийг хэлэлцэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтыг үндэслэн ялласан юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл: Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.