С.Чинзориг: Орон даяар 0-17 насны бүх хүүхдийг шүдний фторт түрлэгт хамруулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны талаар танилцуулга хийжээ. Үүнтэй холбоотойгоор зарим шийдвэр, үүрэг даалгаврыг Эрүүл мэндийн сайдад өгсөн байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийв.
Сумдын шүдний эмнэлгийн чадавхыг сайжруулна
Улаанбаатар хотод шүдний эмнэлгийн хүртээмж, тусламж үйлчилгээ харьцангуй сайн байдаг байна. Гэхдээ нийт иргэдэд хүрч ажиллах нь хангалттай биш байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсын хүн амын 50 хувь нь шүдний тусламж үйлчилгээ авч чадахгүй байдалд байна. Монгол Улсын 330 сумын 30-д нь шүдний эмч, тоног төхөөрөмж байдаг бол үлдсэн 300 орчим суманд дагнасан шүдний эмч, багж тоног төхөөрөмж байдаггүй байна. Иймд, Засгийн газрын хуралдаанаар сумын анхан шатны эмнэлгүүд дээр шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна. Тоног төхөөрөмж, боловсон хүчнээр хангаж ажиллахад анхаарна.
Хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл, цооролт өндөр байгаа учраас сумын болон өрхийн эмнэлгүүдийг түшиглэн 2023 онд багтаан 0-17 насны бүх хүүхдийг шүдний фторт түрхлэгт үнэ төлбөргүй хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Уг ажилд нийт таван тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг ЭМДС-аас гаргахаар болсон байна. Мөн цаашдаа хүүхдийн шүдэнд хамгаалалтын ломбо тавих ажлыг шинээр нэвтрүүлнэ. 2024 оноос бүх нийтийн шүдний эрүүл мэндэд анхаарах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж юм байна. Мөн эрүүл мэндийн бодлогод өөрчлөлт оруулж, өвдөхөөсөө өмнө урьдчилсан сэргийлэх ажиллагаа идэвхжүүлэхэрэ төлөвлөж байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллээ.
Авлигаас нөхөн төлүүлсөн орлогыг эх хүүхдийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, хавдрыг бууруулахад зарцуулна
Монгол Улсад халдварт өвчний тархалт өндөр байгаатай холбоотойгоор эх хүүхдийн эмнэлгийн орны хүрэлцээ хангалтгүй байгаа юм. Тиймээс ор дэлгэлтийг нэмэгдүүлэхэд арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ. Хоёрт, хавдрын өвчлөл нэмэгдэж, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа Монголд хөгжиж байгаа ч өвчтөн болон эмч эмнэлгийн ажилчдын байрлуулах байрны асуудал хүндрэлтэй байна. Өнөөдөр зөвхөн нэгдүгээр эмнэлгийг түшиглэн мэс засал явуулж байгаа учраас ор болон эмнэлгийн багтаамжаас хамаарч хүлээгдэл их байна. Нэгдүгээр эмнэлэгт гэхэд элэг шилжүүлэн суулгах бүх шинжилгээ, нийцэл нь таарсан 67 хүн хүлээж байна. Амьд донор нь бэлэн, дараагийн шатны шинжилгээ хийлгэхээр хүлээж байгаа 30 хүн байна. Өөрөөр хэлбэл, элэг шилжүүлэн суулгах хагалгаагаа 103 хүн хүлээж байна. Энэ хүмүүс орны болон мэс заслын өрөөний хүртээмжээс хамаарч хоёр жил орчим хүлээхээр байгаа юм. Тиймээс эх хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хавдрын өвчлөлийг бууруулах, түүнээс болж зайлшгүй мэс засалд орох, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдийн байр савны хүртээмж, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Засгийн газар энэ асуудлыг өнөөдөр хэлэлцээд албан тушаал, авлигын хэргээс улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн орлогоос, мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас улсад хураагдсан хөрөнгийг зөвхөн эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад, хавдрын өвчлөлийг буруулахад, эрхтэн шилжүүлэн суулгахад шаардлагатай байгаа байрны хүртээмжийг нэмэгдүүлэхэд, эдгээр өвчлөлийг бууруулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулах хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх үүргийг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд болон ХЗДХ-ийн сайд өглөө гэж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллээ.