ЭМЯ-наас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг эхлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж байна. Аяны талаар мэдээллийг өнөөдөр өгч буй юм.

Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь таргалалттай гэсэн судалгаа бий. Таргалалт залуужиж, таргалалтаас үүдсэн өвчлөл нэмэгдэж буй үед нэн чухал энэ аяны талаар болон илүүдэл жин, таргалалт олон өвчний шалтгаан болж буй тухай мэргэжлийн хүмүүс мэдээлэл өгөх юм.

Тус аяны хүрээнд “Зөв зохистой хооллолт яагаад чухал вэ”, “Өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ”, “Биеийн жингийн индекс тооцох аргууд”, “Илчлэг тооцох аргууд”, “Эрүүл бус хүнсний хэрэглээ, хоол хүнсний аюулгүй байдал” гэх чиглэлээр сургалт явуулах аж.

Энэ үеэр хүн амын илүүдэл жин, таргалалтын талаарх зарим тоон мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулсан юм. Тэрбээр “Улсын хэмжээнд эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоог 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. Арван сарын хугацаанд нийт хүн амын 26.7 хувь буюу 900,000 гаруй иргэн эрт илрүүлэгт хамрагджээ. Эрүүл мэндийн илрүүлгээр эхний дата судалгаанууд хийгдэж, урьдчилсан үр дүн гарсан.

  • Насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгал, зүрх судас, шээс, бэлгийн тогтолцоо, дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчлөл их байна. Эдгээр нь нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байгаа юм.
  • 0-17 насны хүүхдүүдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчлөл илэрсэн. Үүний дараа хоол боловсруулах тогтолцооны эмгэгүүд зонхилж байна.

Халдварт бус өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл бол зохисгүй хооллолт, архи тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол юм. Эдгээрээс шалтгаалж илүүдэл жин, таргалалт, цусны даралт ихсэлт зэрэг өвчин нэмэгдэж, улмаар нас баралтад хүргэж буй” хэмээн хэллээ.

Монгол Улсын хүн амын өвчлөлийн талаарх зарим тоон мэдээллийг тэрбээр үргэлжлүүлэн хүргэв. 

Монгол Улсын халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын дөрөвдүгээр судалгаагаар 15-69 насны бүлгийг тусгайлан авч үзсэн. Энэ насны таван хүн тутмын нэгд халдварт бус өвчний гурав ба түүнээс дээш эрсдэлт хүчин зүйл илэрч байгаа юм. Аль нэг эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй хүн амын эзлэх хувь нь дөнгөж 3.9 хувь байна.

Эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршил хэвшээгүй, эрүүл сонголт хийх боломж хязгаарлагдмал байгааг дээрх тоон мэдээлэл харуулжээ.

15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй байгаа бол 15.5 хувь нь таргалалттай. Түүнчлэн илүүдэл жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 15-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж байна. Харин 35-69 насны арван хүн тутмын зургаа нь илүүдэл жин таргалалттай.  

Хөдөө орон нутгийн иргэдийн жимс, хүнсний ногооны хэрэглээ хот суурин газартай харьцуулахад 1.5-3.2 дахин бага.

Монгол Улсын ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар,

  • Сурагчдын 18.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай.
  • Сурагчдын 38.5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй.
  • Сурагчдын 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг.
Монгол Улсын 15-69 насныхны 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг. Түүнчлэн 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй.
Таргалалтын 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Иймд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний дата судалгаанд үндэслэж, 2023 оны туршид “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсныг сайд С.Энхболд нэмж хэллээ.

НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан: “Тус аяныг үндэсний хэмжээнд хоёр сарын хугацааны турш зохион байгуулна. Халдварт бус өвчин гэдэг нь хөдөлгөөний идэвхгүй байдал, буруу хооллолт зэрэг эрсдэлт зан үйлтэй холбоотой. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт зэргийг халдварт бус өвчин гэж хэлж байгаа юм.

Олон улсын судалгаагаар дээр дурдсан өвчлөлөөс 40-60 хувь сэргийлэх боломжтойг нэгэнт нотолсон. Харамсалтай нь эрүүл мэндийн эрт илрүүлгийн дүнгээр хүн амын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин зонхилон тохиолдлоо. Мөн таргалалт өссөнийг тоо баримт илтгэж байна.

Монгол Улсын хүн амын ердөө дөрөвхөн хувь нь эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй.

Эрүүл мэндийн зан үйлийн онолоор эрүүл аж төрөх хэв маягт

  • эрүүл зөв хооллолт 70 хувь
  • идэвхтэй хөдөлгөөний 30 хувийн харьцаагаар халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлж болно.

Харамсалтай нь хүний дадал, хандлага 24-36 сарын хугацаанд явагддаг бөгөөд хүний зан үйл тогтмол, байнга хийснээр өөрчлөгддөг. Тиймээс зан үйл, хандлагаа өөрчлөхөд иргэн бүрийн оролцоо чухал.

Судалгаанаас харахад, манай улсын 15-69 насныхны 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай хөдөлгөөн огт хийдэггүй. Мөн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин ба таргалалттай” хэмээн хэллээ.

Ж.БАЯНМӨНХ: ТАРГАЛАЛТЫН НЭГ ШАЛТГААН НЬ СТРЕСС БУХИМДАЛ

Аяны нээлтийн үеэр Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ж.Баянмөнх таргалалтын шалгаан, дасгал хөдөлгөөн, хоол хүнсий зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өглөө. Тэрээр, Би сүүлийн зургаан жилд олон нийтийн эрүүл мэндэд чиглэсэн эрүүл амьдрал болон таргалалттай тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ЭМЯ-наас зохион байгуулж буй “Энэ жилдээ эрүүл жиндээ” үндэсний аян миний үндсэн зорилготой уялдаж байгаад маш их таатай байна.

Монголчуудын дунд таргалалт сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Насанд хүрсэн хоёр хүний нэг нь илүүдэл жинтэй. 100 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчинтэй. Өсвөр насны хүүхдийн таргалалт мөн маш их нэмэгдсэн. Хүн төрөлхтөн түүхэндээ хэзээ ч өнөөгийнх шиг таргалалттай байгаагүй. 1970-2010 онуудад дэлхийн хүн амын таргалалт огцом нэмэгдсэн. Энэ нь нүүрс усны хэрэглээ огцом нэмэгдсэнтэй холбоотой байдаг юм билээ.

Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг. Монголчууд хувьд эрүүл зөв хооллолтын мэдлэггүй, шим тэжээлийн талаар ойлголт дутмаг  байгаатай холбоотой. Ихэнх хүмүүс турмаар байна, гэвч дасгал хөдөлгөөн хийх зав гарахгүй байна гэж хэлдэг.

Бидний өдөр тутам хийдэг дасгал нийт энергийн 5-хан хувийг эзэлдэг. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжрах, дархлааг тэтгэх, сэтгэл санааг өргөх, зүрх судас, үе мөчний өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Таргалалтын дараагийн нэг шалтгаан нь стресс. Хүн стресстэй байвал кортизол дааврын хэмжээ өсөж, таргалалтыг нэмэгдүүлнэ.

Нийгмийн ядуурал таргалалтын бас нэг шалтгаан болдог. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс бол нүүрс ус агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн байдаг.

Буруу мэдээ мэдээлэл мөн таргалалтын шалтгаан болно. Өглөөний цайг тогтмол уух нь таргалалтаас сэргийлнэ гэж үзэх нь бий. Энэ бол буруу ойлголт. Өглөөний цайндаа юу идэх вэ гэдэг нь чухал. Нүүрс усаар баялаг буруу хүнс хэрэглэвэл таргалалтыг нэмэгдүүлнэ. Миний хувьд аян хүрээнд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх талаар Монголын нөхцөлдөө тохирсон контент бэлтгэн хүргэх болно.

Leave a Reply

%d bloggers like this: