МАН сонгуульд сойх 350 эмэгтэйг бэлдэж эхэлжээ
Улсын Их Хурал, Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50 хувь хүртэл биш харин 20 хүртэл хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл нь байна гэж тусгаад үүнийг нь эмэгтэйчүүд гэж шууд тулган ойлгуулж байгаа нь жендэрийн тэнцвэртэй байдал хэрэгжихгүй байх нөхцөлийг бий болгодог.
Өнгөрсөн 7 хоногт Нямаагийн Энхболд тэргүүтэй гишүүдийн боловсруулсан их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад, Засгийн газраас санал авсан.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “ССонгуулийн тухай хуулийн төсөлд Засгийн газар нийт 30 гаруй санал өгсөн. Хуулийн төсөлд парламентын нийт гишүүний 30-аас доошгүй хувь нь эмэгтэй буюу аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж оруулж ирсэн. Мөн гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэж жагсаалтыг эрэмбэлнэ гэж тусгасан байсан. Харин Засгийн газар 38 жагсаалтыг 1:1 харьцаатайгаар эмэгтэйчүүдийг оролцуулах саналыг өгсөн. Нэг үгээр хэлбэл, жагсаалт гаргахдаа эрэгтэй, эмэгтэй, эрэгтэй, эмэгтэй гэсэн дарааллаар нэрийг нь бичнэ. Ингэснээр 2024 онд хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болно” гэсэн юм.
Үүнтэй уялдуулаад МАН намынхаа “Манлайлагч 350” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, 04 дүгээр сарын 03-23-ны өдрүүдэд МАН, Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран 2024 оны шат шатны ээлжит сонгуульд нэр дэвших эрмэлзэлтэй эмэгтэйчүүдээ сургаж бэлтгэх, чадавхжуулах зорилгоор 20 хоногийн хугацаанд эмэгтэйчүүддээ сургалт явуулах аж. Ингэхдээ 21 аймаг, 9 дүүргийн 350 эмэгтэйг сургалт хамруулж байгаа гэнэ.
Хууль эрх зүй, Эмэгтэй улс төрчийн имиж, Улс төрийн түүх, Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэр хүний эрхийн хамгаалал гэх мэт олон сэдвээр сургалт явуулж байна.
Эмэгтэйчүүдийг улс төрд оруулах боломжийг нь хангаж, хуульдаа өөрчлөлт оруулж байгаа ч намуудад эмэгтэй боловсон хүчин, нэр дэвшигч хангалттай байдаггүй. Тиймээс ч эмэгтэй квотоо хангахын тулд тухайн намд удаан зүтгээгүй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй олон хүнийг нэр дэвшүүлдэг, цаашилбал гишүүн болгодог жишиг тогтоод байгаа. Үүнээс шалтгаалаад эмэгтэй гишүүдийн нэр хүнд унах, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь нийтлэг үзэгдэл болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Тиймээс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийн тулд хамгийн нэгдүгээрт боловсон хүчнээ бэлдэх шаардлагатай байна.

