Ц.Даваасүрэн: 13 том гүүртэй, 44 км урт далан бүхий автозам барьж, түгжрэлийг 50 хувь бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.04.12/ болж өндөрлөлөө.

Хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах “Сэлбэ сэргэлт” төслийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр төслийн талаар “Манай хот үндсэндээ хөндлөн нэг л замтай байгаа. Энэ бол далан барьж байгуулагдах, үндсэн хоёр дахь зам болох юм. Хоёр талтайгаа нийлээд 44 км зам болно. 13 том гүүр баригдана. 25 холбоос гүүртэй. Ж.Сүхбаатар сайдын хэлснээр явган хүний болоод дугуйн зам ч баригдана. Зураг төслийг зургадугаар сардаа багтааж, долдугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ гэж бодож байна. Бусад холбоос замууд хийгдээд ирэхээр замын ачааллууд маш сайн буурах учиртай. Хямд автомашин орж ирж байгаа дээр ч анхаарах ёстой. Энэ байдал үргэлжлээд байвал хэчнээн зам бариад ахиц, дэвшил гарахгүй. Ямартай ч замаа барина.

БХБЯ хот төлөвлөлтийг хийдэг, энэ утгаар зам түгжрэлийн асуудалтай ч холбогддог.

Энэ жилийн хамгийн том ажил бол энэхүү Сэлбийн бүтээн байгуулалт гэдгийг хэлье” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн.

-Төсөв, ТЭЗҮ-ийн талаар мэдээлэл өгөөч?

-Одоогийн байдлаар зөвхөн зураг төсвийн зардлыг гаргасан байна. Гүүрийн болон замын зургийн ажлыг зургадугаар сар хүртэлх хугацаанд хийгдэнэ гэсэн үг. Энэ явцад замын ажлын төсөв гарч ирнэ. Төгрөгийн ханш унасан байгаа учраас өндөр төсөв гарах байх. Тэр үед нь та бүхэнд мэдээлэх бүрэн боломжтой. Нийт дүнгээрээ 50 хувь орчмоор түгжрэл бууруулах тооцоолол бий.

Leave a Reply

%d bloggers like this: