М.Энхбадрал: Сонгогчдын боловсрол тааруу байгаа нь засаглалын хямралын нэг шалтгаан болж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар оролцсон байна.
Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр ХЭҮК-ын дарга Ж.Хунан илтгэл тавьж, тус комиссын зөвлөмж шаардлагыг биелүүлдэг байх, хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний эрхийн үндэсний индекс боловсруулах шаардлагатай талаар хөнджээ.
Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт” илтгэл тависан байна. Олон улсын нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, авлигын эсрэг арга хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засаг сэргэж, нийт экспорт 12.5 тэрбум доллар болж, өмнөх оноос 36 хувь өссөн, ДНБ 2022 онд 53 их наяд төгрөг болж 4.8 хувь өссөнийг онцлов.
Мөн Засгийн газар авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, авлигын эсрэг “5Ш” арга хэмжээг хэрэгжүүлж буйг танилцуулахдаа хүний эрхийн хамгийн том зөрчил бол авлига гэжээ. Засгийн газар авлигатай тэмцэхдээ хүний эрхийн зөрчил гаргахгүй байхад анхаарна гээд иргэний нийгмийн байгууллагууд хяналтын үүргээ гүйцэтгэж, Засгийн газартай нягт хамтран ажиллахыг хүслээ.
Уулзалтад оролцогчид саналаа хэллээ. Тухайлбал,
“Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал: “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогыг тогтвортой хөгжилд хөтөлж байгаа бодлого гэж ойлгож байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Ерөнхий сайд хэвлэлийн эрх чөлөөг дэмжинэ гэж амласан ч хориг болсон хуулиуд гарч байна. Үүнд анхаарах шаардлагатай.
П.Эрдэнэжаргал: Чадвартай, залуу сувилагч нар ажлаасаа гарч, гадагшаа дайжиж байна. Энэ нь эрүүл мэндийн хүртээмж чанарт сөргөөр нөлөөлж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын бодлогоо эргэн харахыг хүсэж байна.
М.Энхбадрал: Засгийн газрын зүгээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж өгөөч. Сонгогчдын боловсрол тааруу байгаа нь засаглалын хямралын нэг шалтгаан болж байна.
Д.Тунгалаг: Ерөнхий сайдын авлигатай хийх тэмцлийг 100 хувь дэмжиж байна. Амьжиргааны төвшнөөс доогуур өрхийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд анхаармаар байна. Ядуурал, тэгш бус байдлын суурь нь энэ юм.