Төрийн гурван өндөрлөг ҮХНӨ оруулахад нэгдлээ
Улсын их хурал ҮХНӨ оруулж болзошгүй нөхцөл байдал үүслээ.
Тодруулбал, Н.Энхболд тэргүүтэй гишүүд Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барьж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд тойргоос 38 гишүүн, пропорционалиар 38 гишүүн сонгогдохоор тусгажээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд УИХ газар нутгийн төлөөлөл, хүн амын төлөөллийг хангасан байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Ингэхдээ газар нутгийн төлөөллийг хангаж буй 38 нь хэт бага байна гэх байр суурийг давхар хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тоог нэмчихвэл холимог тогтолцоо асуудалгүй ээ гэсэн санааг далдаар илэрхийллээ.
Уг үйл явдалтай зэрэгцэн Засгийн газраас ҮХНӨ-ийн төсөлд иргэдийн саналыг авч эхлэв. Хуулийн төсөлд гишүүдийн тоог 152 болгож, 76 гишүүнийг мажоритараар, 76 гишүүнийг пропорционалиар сонгохоор тусгасан байна. Сонгуулийн хуулийн төсөлд УИХ-ын гишүүд гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж буй энэ үед ҮХНӨ-ийн төсөлд санал авч эхэлсэн нь ҮХНӨ оруулахад зэхэж байна гэх хардлагыг төрүүлж буй юм.
Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Ингэхдээ улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг устгаж, намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгож, намыг бодлогын институт болгон төлөвшүүлнэ хэмээсэн юм.
УИХ 2019 онд ҮХНӨ оруулахдаа намыг төр байгуулах нэг хэсэг мөн гэж үзэж Арван ес1 гэх зүйлийг нэмсэн байдаг. Уг зүйлийн хоёр дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж заагаад 2028 оноос мөрдөж эхлэхээр оруулсан. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд нам байгуулах босгын 801 хүнээр буюу хуучин хуулийн дагуу өргөн барьжээ. Уг нь 2019 оны ҮХНӨ-ийн дагуу бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэг хувийн босгыг оруулж өгөх ёстой. Ийнхүү ҮХНӨ-ийг дагаж хуулийн төслөө бэлтгээгүй нь Засгийн газрын санал авч буй ҮХНӨ-ийн төсөлтэй холбоотой. ҮХНӨ-ийн төсөлд “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэж заасан аж. Өөрөөр хэлбэл, нам байгуулах босгыг өндөрсгөсөн, 2028 оноос хэрэгжих дээрх заалтыг хасъя гэж санал гаргажээ.
Энэ бүх үйл явдлаас харахад, УИХ-ын өргөн барьсан Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Засгийн газрын санал авч буй ҮХНӨ-ийн төсөл хоорондоо харилцан хамааралтай нь харагдаж байна. Бид Үндсэн хуулиараа ард түмний эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Шүүх гэсэн дөрвөн институцийг байгуулсан. Үүний гурав нь ҮХНӨ оруулахад зэхэж ийнхүү хуулийн төслүүдийг өргөн барьсан дүр зураг харагдаж байна.