Дэлхийн банк: Монголын эдийн засаг 2023 онд 5.2 хувиар өсч, инфляц 9.3 хувь хүрэх боломжтой гэв
Дэлхийн банк өнөөдөр /2023.04.19/ манай улсын эдийн засгийн 2023 оны тоймыг танилцууллаа.
Өнгөрөгч 2022 онд эдийн засаг 4.7 хувиар өссөн бол энэ өсөлт 2023 онд 5.2 хувь болох төлөвтэй гэв. Энэ нь уул уурхайн салбарын олборлолт, экспорт тэлэх, ААН-үүд сэргэсний үр дүнд бий болох боломжтой хэмээн Дэлхийн банк тайлбарлалаа. Тус банкны тайланд дурдсанаар хилийн боомтуудын үйл ажиллагаа жигдэрч, Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлсэн нь Монголын эдийн засаг өсөхөд эерэг нөлөө үзүүлнэ гэлээ.
Төсвийн зарлага өндөр хэвээр байх боловч уул уурхайн салбараас орж ирэх орлого хангалттай өндөр байх тул төсвийн алдагдал энэ онд даамжрахааргүй байна. Төсвийн алдагдал ДНБ-ий 1.2 хувьтай тэнцэнэ гэж үзсэн байна. Импорт тогтвортой өсөж, гадаад бондын эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа тул төлбөрийн тэнцлийн дарамт өндөр хэвээр байна гэдгийг мөн ээлжит тайландаа дурджээ.
Тэгвэл Дэлхийн банкны ахлах эдийн засагч Хосе Лүйз Диаз Санчез:
- Эдийн засгийг бүрэн сэргэсэн гэж ойлгож болохгүй
- ДНБ-ий түвшин цар тахлын өмнөх үеийн хүлээлтээс доогуур бий
- Хөдөлмөрийн зах зээл сэргэж, төсвийн зардал ДНБ-тэй харьцуулахад буурсан нь орлого нэмэгдэх нэг шалтгаан болж буй
- Төсвийн зардал хумигдаж байгаа ч энэ нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад өндөр. Өнөө хэр төсвийн зардал өндөр байгаа нь улсын өр нэмэгдэх, төсвийн тогтвортой байдал алдагдахад хүргэх эрсдэлтэй
- Төлбөрийн тэнцэлд импорт дарамт болсноор алдагдал их гарсан
- Инфляцын хувьд энэ жил 9.5 хувьд хүрэх тооцоотой. Импортын хүнс ба түлшний үнэд инфляц харьцангүй бага нөлөөлөх төлөвтэй гэх мэт онцлог зүйлсийг ярьсан байна.
Түүнчлэн, Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийг 4 хувь, Азийн хөгжлийн банк 5.4 хувь, ОУВС 4.5 хувь өснө гэж таамаглаад буй.