Д.Түмэнжаргал: 152 гишүүнийг хянах, хариуцлага тооцох механизм Монгол Улсад алга

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн Ахлах багш, доктор Д.Түмэнжаргалтай ярилцлаа.
–Сонгууль болохын өмнөх жил нь Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг жишиг тогтжээ. Энэ удаад мөн Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөөр болж байх шиг байна. Үүнийг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21.4-т сонгууль болохоос зургаан сарын өмнө нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон заалт байсан. Энэ үеүдэд Монгол Улс сонгуулийн өмнөх жил бүрийн арванхоёрдугаар сард буюу сонгууль болохоос зургаан сарын өмнө эцсийн хугацааг нь тулган холбогдох хуулиа өөрчилдөг нь Монголын онцлог бөгөөд жишиг болон хувирсан байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль
– 1992 оны 04-р сарын 04-ний өдөр,
-2005 оны 12-р сарын 29-ний өдөр,
-2008 оны 12-р сарын 19-ний өдөр,
-2011 оны 12-р сарын 25-ны өдөр,
-2015 оны 12-р сарын 25-ны өдөр тус тус шинэчлэн батлагдсан.
Мөн 1996 оны 01-р сарын, 2006 оны 06 сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт, 2007 оны 12-р сарын 26-ны өдөр, 2012 оны 11-р сарын 01-ний өдөр, 2015 оны 11-р сарын 26-ны өдөр, 2016 оны 05-р сарын 05-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. 2019 оны 12-р сарын 20-нд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, 2020 оны 12-р сарын 24-нд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, 2020 оны 01-р сарын 30-нд Аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тус тусдаа бие даасан хууль болгон шинэчилэн боловсруулж баталгаажуулсан.
Сонгуулийн хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтийг харахад УИХ-ын сонгуулийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдтэй холбоотой алдаа дутагдал их байдаг. Тодруулбал, 1992, 1996, 2000, 2004, 2008 оны УИХ-ын сонгуулиудаар сонгуулийн хуульд сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчлөөгүй явж ирсэн бөгөөд тойргийн хувьд нэг мандаттай эсвэл олон мандаттай болгож өөрчилж байснаас өөр онцын нөлөөлөхүйц томоохон нэмэлт өөрчлөлтүүд бага байсан гэж хэлж болно. Ийм учраас энэ үеийн сонгуулийн хуульд зарим зүйл заалтууд дутуу, хуулийн цоорхой ихтэй байсан. Мөн улс төрийн нам, нэр дэвшигчид бохир арга хэрэглэж сонгуульд өрсөлдөх явдал их байсан. Тухайлбал, нам, нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдаж авах, намууд насгүй, богино хугацаанд хэрэгжих халамжийн шинжтэй мөрийн хөтөлбөр гаргах, сонгуулийн бохир технологи хэрэглэх, сонгуулийн сурталчилгаандаа бусдыг гүтгэх, доромжлох, сөрөг сурталчилгаа явуулах нь ихсэх, мөнгө, эд материал сонгогчдод тараах, бэлэглэх зэрэг сөрөг асуудлууд ихэссэн. Мөн сонгогчдод эмнэлэг, сувиллын үнэгүй үйлчилгээ үзүүлэх, соёл урлаг, спортын арга хэмжээгээр үнэгүй үйлчилж сонгогчдын сэтгэл зүй, саналыг өөрчлөх зэрэг хууль бус үйлдэл, зөрчлүүд ихээр гарч ардчилсан сонгуулийн үндсэн зарчмуудыг алдагдуулж байсан нь өмнөх сонгуулиудын үйл явцаас тодорхой харагдсан.
Ер нь сонгуулийн хуулиа ээлжит сонгуулийн жил бүрийн өмнө өөрчилж байгаа нь бодит нүдээ олсон өөрчлөлтүүдийг хийж чадахгүй байгаатай холбоотой. Нөгөөтэйгүүр төрийн эрх барьж буй улс төрийн хүчин дараагийн сонгуульд ялалт байгуулах гарц гаргалгаа эрэлхийлж сонгуулийн хуульд гар хүрдэг байхыг үгүйсгэхгүй. Ер нь сонгуулийн тогтолцоог сонгууль болох хугацааг тулгаж өөрчилдөг нь сонгуулийн хуулийг сурталчлах, мэдээлэх хугацаа байхгүй дутагдалтай байдлыг бий болгож байна.
Харин 2019 оны 11-р сарын 14-нд “Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж өөрчлөн найруулсан. Энэ нэмэлт өөрчлөлтийн дагуу одоо бас Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал яригдаж байнгын хороогоор дэмжигдэж УИХ-аар хэлэлцэхээр болж байна.
Энэ удаад Сонгуулийн хуульд зарчмын томоохон шинэчлэл, нэмэлт өөрчлөлт хийж сонгуулийн мажоритар тогтолцоог холимог тогтолцоогоор солих гэж байгаагаараа онцлог байна.
-УИХ-ын гишүүдийн санал болгож буй холимог тогтолцоо манай улсын ардчиллын онцлогт тохирох уу?
-Сонгуулийн ардчилсан шинж чанар, нийгэм-улс төрийн үр өгөөж, гүйцэтгэх үүрэг нь түүнийг зохицуулан тодорхойлох хууль, эрх зүйн зохицуулалтаас ихээхэн шалтгаалдаг. Ардчилсан сонгуулийн бүх нийтийн, тэгш, шууд, шударга, чөлөөт сонгууль бол тухайн орны ардчиллын түвшний гол шалгуур болдог. Ардчилсан улс оронд сонгууль бүх нийтийн байх, шууд байх, тэгш байх, чөлөөтэй байх гэсэн онолын үндсэн зарчмуудаар явагддаг. Сонгуулийн эдгээр зарчим нь иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрхэн хангах, сонгууль хэр зэрэг ардчилсан, шударга байдлаар явагдах нөхцөлийг нь хангаж өгдөг.
2012 оны УИХ-ын сонгуулийг 2011 оны 12-р сарын 15-ны өдөр шинэчлэн баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6-р бүлгийн 27.1 дэх хэсэгт заасан нэрийн жагсаалтыг эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг энэ хуулийн 12-р зүйлд заасан 1-3 мандаттай сонгуулийн 26 тойргоос сонгоно. Харин 28-аас илүүгүй нэр дэвшигчийг 49.1.6-д заасны дагуу гаргасан улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас сонгоно. Өөрөөр хэлбэл томсгосон тойргоос буюу 1-3 мандаттай 26 тойргоос 48 гишүүнийг сонгосон. Харин үлдсэн 28 гишүүнийг сонгогчдын саналаар бус намын нэрийн жагсаалтаар сонгосон. Тодруулбал, эхний 48 гишүүн нь саналын хуудсанд нэр нь бичигдэж хэн илүү санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна гэсэн үг. Харин үлдсэн 28 гишүүний нэрийг саналын хуудсанд бичихгүй зөвхөн нам, эвслийн нэрийг бичиж сонгогчид нам, эвслийн нэрийг дугуйлна. Хамгийн олон санал авсан нам, эвсэл өөрийн намын жагсаалтад байгаа нэр дэвшигчдийн эрэмблэсэн дарааллын дагуу УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцно. Энэ тохиолдолд сонгогчид тухайн нам ямар хүний нэрийг 28 гишүүний жагсаалтад бичсэнийг мэдэх боломжгүй. Зөвхөн намын нэрийг дугуйлснаар ард нь 28 хүртэл гишүүн сонгогдсон. 2012 оны УИХ-ын сонгууль ийнхүү холимог тогтолцоогоор явагдсан нь ардчилсан сонгуулийн үндсэн зарчмын нэг болох сонгогч саналаа шууд өгөх зарчмыг ихээхэн алдагдуулсан сонгууль болсон. Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан энэхүү заалт мөн зөрчигдсөн. Гэвч 2016 оны 04 р сарын 22 өдөр Үндсэн хуулийн цэц 2 өргөдөлд шуурхай шийдвэр гаргаж сонгуулийн хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцоог иргэний “шууд” сонгох Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байна хэмээн хүчингүй болгосон. Энэ нь нэг талдаа сонгуулийн шууд эрхийн зарчим алдагдах байдлыг таслан зогсоосон. Сонгуульд сонгогч ямар нэгэн төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргаж, сонгох эрхээ эдлэнэ. Монгол Улсад бие эрхтний согогтой, эрүүл мэндийн байдлаас болон боловсролын байдлаас хамаарч саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч сонгуулийн эрх бүхий иргэнийг итгэмжилж, түүний тусламжтайгаар саналаа өгч болно гэж заасан байдаг.
Энэ удаад зөвхөн намын нэр биш намын жагсаалтын цаана байгаа нэр дэвшигчдийг ил болгох талаар сонгуулийн хуулийн төсөлд зааж өгч байгаа нь ардчилсан сонгуулийн үндсэн зарчмууд түүн дотроо шууд байх гэсэн үндсэн зарчим алдагдахгүй байх нөхцөл бүрдэхээр байна.
-Холимог тогтолцооны давуу болон сул тал нь юу вэ?
-Холимог тогтолцоо дотроо маш олон төрөл хэлбэртэй бөгөөд тэдгээрийг дотор нь пропорциональ давамгай холимог, тэнцүү холимог, мажоритар давамгай холимог гэх мэт ангилдаг. Тухайлбал, дэлхийн 190 гаруй орноос мажоритар давамгай холимог тогтолцоотой нийт 100 гаруй улс байдаг. Болгар, Өмнөд Солонгос, Орос улс энэ тогтолцоог урьд нь хэрэглэж байсан бол эдүгээ Албани, Итали, Япон, Унгар, Франц /сенатын сонгуульд/, Югослав /хуучин нэрээр/, Гүрж, Литв гэх мэт. Мажоритар болон пропорциональ тогтолцооны хослуулсан буюу нэгтгэсэн хувилбарын давуу талыг ашигласан хэдий ч дутагдалтай талуудыг ч агуулсан байдаг.
Холимог тогтолцоог хэрэглэх нь том намуудаас нэр дэвшигчид тойрогт очиж, жижиг намуудтай халз өрсөлдөхөд хүргэдэг. Үүний үр дүнд сонгогчдын эрх ашгийг дээд хэмжээгээр төлөөлөх боломжтой бөгөөд том намууд нь парламентын олонхийг бүрдүүлдэг тул тогтвортой Засгийн газар байгуулах нөхцөл бүрддэг. Нөгөөтэйгүүр парламентын гишүүд намын удирдлагаасаа хараат бус байх нөхцөл бүрдэнэ. Учир нь сонгуульд намын нэр дэвшигчдийн жагсаалтад багтаж оролцохоос гадна тойргоос ч бас сонгогдох боломжтой байдаг. Энэ нь тэднийг сонгогчдод ойртуулдаг.
Сонгуулийн холимог тогтолцооны хувьд олонхийн болон пропорциональ тогтолцооны зохистой хослол байдаг. Ийм учраас түүний намын системд үзүүлэх нөлөөлөл нь уг харьцаанд аль тогтолцоо нь илүү давамгайлж байна гэдгээс ихээхэн шалтгаалдаг. Хэрвээ холимог тогтолцооны хүрээнд мажоритар тогтолцоо зонхилж байгаа бол хоёр намын, пропорциональ тогтолцоо зонхилж байвал олон намын систем бий болоход үйлчилдэг.
Сонгуулийн холимог тогтолцооны хувьд сонгогдсон гишүүдийн нэг хэсэг нь орон нутаг, тойргийн төлөөллөөр үлдсэн хэсэг нь намын төлөөллөөр мандат эзэмшдэг. Энэ нь тэдний хувьд хоёрдмол статус бий болгож байна гэсэн үг. Энэ байдал нь парламент дахь ашиг сонирхлын агрегацыг хэрэгжүүлэхэд бэрхшээлийг үүсгэх магадлалтай. Үүний улмаас гишүүд парламент ёсны нийтлэг жишгийг болон намын сахилгыг үл тоомсорлох, нам, орон нутгийн сонирхол зөрчилдөх, парламентад гишүүд талцан бүлгэрхэх, явцуурах зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй юм.
Сонгуулийн холимог тогтолцооны үед чухам ямар хэлбэрийг сонгохоос хамаарч түүний сонгогчдын төлөвшилтөнд нөлөөлөх нөлөөллийн шинж байдал шууд шалтгаалдаг. Гэвч мажоритар болон пропорциональ хоёр тогтолцооны хосолмол учраас эдгээр тогтолцоонуудын үндсэн шинжүүдийг агуулж байдаг. Үүний зэрэгцээ мажоритар болон пропорциональ хоёр тогтолцоонд илэрдэг сөрөг талуудыг тус бүрд нь нөхдөгөөрөө холимог тогтолцоо нь давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл, сонгогчид нэг талаас намыг төлөөлсөн нэр дэвшигчийг, нөгөө талаас тодорхой улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг сонгодог. Ийм учраас сонгогчдын өмнө хувь хүн болон намын байр суурийг тодорхой мэдэж авах зайлшгүй хариуцлагатай хандах нөхцөл үүсдэг. Энэ нь хүссэн хүсээгүй ч сонгогчдыг улс төрийн амьдралд идэвхитэй хувь хүн, төрийнхөө өмнө үүрэг хүлээсэн иргэн байх хариуцлагыг ухамсарлахад хүргэдэг.
Сонгуулийн хувь тэнцүүлсэн пропорциональ систем нь сонгуульд нэр дэвшигч хувь хүнийг бус харин сонгуульд өрсөлдөж буй улс төрийн намууд тэдгээрийн сонгуулийн хөтөлбөрт гол анхаарлаа чиглүүлэх сэтгэл зүйн нөлөөллийг сонгогчдод үзүүлж байдаг. Тэгвэл сонгуулийн холимог системийн тухайд түүний сонгогчдод үзүүлэх сэтгэл зүйн нөлөөлөл нь сонгуулийн чухам ямар хэлбэр нь давамгайлж байна гэдгээс шалтгаалдаг. Хэдий тийм боловч түүний нэг онцлог нь нэр дэвшигч болон намуудын аль алиныг нь сонгогчид ямар нэг байдлаар ижил тэнцвэртэй харгалзан үзэх сэтгэл зүйн нөлөөлөлийг аажимдаа бий болгодогоороо онцлогтой.
Холимог системийн давуу тал нь: Сонгуулийн холимог систем нь мажоритар болон пропорциональ системийн давуу талуудыг тусгаж, сул талуудын нөлөөллийг сааруулж өгдөг. Сонгогчдын хүсэл сонирхол болон улс төрийн намуудын ашиг сонирхол, оролцоог харгалзаж, олон намын тогтолцоог дэмжиж өгдөг. Мөн түүнчлэн Үндсэн хуульд заасан олон намын тогтолцоог бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлэх, нөгөө талаар хэт олон жижиг намууд парламентад олноор орж ирэх улс төрийн орчин, нийгмийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үздэг.
Холимог системийн сул тал нь: Манай улсын нөхцөлд сонгогчдод энэ системийн талаар сайтар ойлголт өгөөгүй нөхцөлд хүчингүй саналын хуудсын тоо ихсэх, сонгууль будлиантах мадаглал өндөр байдаг. Сонгуулийн санал хураалт, тооллогын үйл явцыг нээлттэй ардчилсан болгоогүй тохиолдолд сөрөг үр дагавар үүсэх магадлалтай байдаг зэрэг сул талуудтай.
-Өмнө нь бид 2012 онд сонгуулиа холимог тогтолцоогоор зохион байгуулж байсан. Ингэхдээ мажоритар 48 гишүүн, жагсаалтаар 28 гишүүнийг сонгосон. Тухайн үед 48+28 тоог хамгийн тохиромжтой, судалгаанд суурилсан гэж тайлбарлаж байлаа. Одоо 38+38 болгосон нь хэр оновчтой вэ?
-Холимог тогтолцоогоор сонгууль явуулж байгаа дэлхийн ихэнхи улс орнууд 60:40 гэсэн харьцаатайгаар, тодруулбал, 60 хувь нь мажоритар тогтолцоогоор, 40 хувь нь жагсаалтаар гэсэн зарчмаар сонгууль явуулдаг нийтлэг жишиг туршлага байдаг. Манай улсын хувьд 48:28 харьцаагаар сонгууль явуулах нь дэлхийн нийтийн жишигт нийцсэн оновчтой хувилбар гэж үзэж байна.
-Манай улсын хувьд өргөн дэлгэр газар нутагтай учир газар нутгийн төлөөллийг анхаарч үзэх ёстой гэж судлаачид ярьдаг шүү дээ. Та судлаач хүний хувьд юу гэж бодож байна вэ?
-Монгол Улстай ойролцоо хүн амтай улс орнуудын жишгийг харахад нэг парламентын гишүүн нийт сонгогчийн нэг хувиас доошгүйг төлөөлж чадаж байвалсонгогчдыг төлөөлж ажиллах боломжтой гэж үздэг. Харин манай улсад нэг УИХ-ын гишүүн 1.3-1.4 хувийг төлөөлж байгаа гэсэн тооцоо байдаг. Манай улсын хүн ам өсөж байгаа учир УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж эрх барьж буй нам болон гишүүд тайлбарлаад байгаа. Гэхдээ гишүүдийн олон, цөөн тоо гэхээсээ илүү ард түмнийхээ төлөө төрийн бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь юу юунаас чухал байна. ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, 60 тэрбум, Оффшор гэх мэт хамгийн болох бүтэхгүй, ёс зүйгүй, улс орон, ард түмнийг хохироосон асуудлууд УИХ-ын гишүүдээс гарч байна. 76 гишүүнийг 152 болгосноор асуудал бүрэн шийдэгдэнэ гэж ойлгох нь өрөөсгөл юм. Хамгийн гол нь УИХ-ын гишүүдийг хянах, хариуцлага тооцох механизм Монгол Улсад алга байна. Ард түмэнд хяналт тавих, хариуцлага тооцох механизмыг эрх зүйгээр баталгаажуулж өгөх шаардлага ч зүй ёсоор тулгарч байна. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүдийн тоо нэмэхэд төрөөс гарах зардал нэмэгдэнэ. Тодруулбал, 76 гишүүний төсөв жилд 10 тэрбум байдаг. УИХ-ын гишүүдийн тоог 152 болгоход нэг дахин нэмэгдэнэ. Энэ бол ард түмний татвар төлөгчдийн мөнгө. Үүнийг юунд, хэр үр ашигтай зарцуулж байгаа бид хянадаг байх ёстой. УИХ-ын гишүүд нээлттэй шилэн байдлаар энэ зардлыг жил бүр ард түмэнд тайлагнадаг байх нь төрийн мөнгийг үргүй зарахаас сэргийлэх ач холбогдолтой.
-Н.Энхболд, Т.Доржханд нарын хуулийн төсөлд ухуулагчийг сайн дурын хүрээнд ажиллана гэж заажээ. Хэрэв түүнд урамшуулал өгөхөөр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байхаар тусгасан байна. Энэ нь зөв үү? Чуулган дээр зарим гишүүн сайн дураар ажиллаж байгаа бол урамшуулах шаардлагагүй гэдэг байр суурь илэрхийлээд байна.
-Хэдий сайн дураар ажиллахаар заасан ч хүн хөдөлмөрлөсөн л бол хөлсөө авах зүйн хэрэг. Зохих хэмжээний цалин, урамшуулал өгөх зүйтэй.
-Мөн аймаг, нийслэлд ажиллаж буй ухуулагчийн тоог 200 хүн тутамд нэг байхаар тооцоолсон байна. Ингэж тоогоор хатуу заах нь хэр оновчтой вэ?
-Ухуулагч нарын тоог аль болох нэмэгдүүлэх нь зүйтэй. 200 хүнд нэг ухуулагч гэж заасан тийм ч оновчтой бус. Нэг хүн 200 хүнд хүртэж ажиллах нь бодит амьдрал дээр үр дүн муутай байж мэдэх юм.
-Н.Энхболд нарын хуулийн төсөлд нэр дэвшигч цахим орчинд сурталчилгаа хийхдээ нийт зардлынхаа 15 хувиас хэтрүүлэхгүй зардал гаргах ёстой гэж оруулсан. Нэр дэвшигчид өөрийн цахим хуудсаа бүртгүүлж байж цахим орчинд сурталчилгаа хийх юм байна. Энэ зохицуулалтыг та юу гэж харж байна вэ?
-Эрх зүйн зохицуулалтдаа нийт сонгуулийн зардлын 15 хувиас хэтрэхгүй зардлыг цахим орчин сурталчилгаа хийхдээ зарцуулахаар заасан байна. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэх асуудал чухал. Ямар зүйл заалт оруулж болно. Хамгийн гол нь хэрэгжилтэнд хяналт тавих нь шаардлагатай. Яаж ч өөрчлөлт оруулсан бодит амьдрал дээр хэрэгжихгүй, хэрэгжилтэнд нь бодит хяналт тавихгүй бол өөрчлөөд хэрэггүй.
УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид өөрийн цахим хуудсаа албан ёсоор бүртгүүлж цахим орчинд сурталчилгаа хийх нь зөв. Учир нь тухайн нэр дэвшигчийн өмнөөс хуурамч хаяг нээх, нэр дэвшигчид хар PR хийж нэгний харлуулах, гүтгэх, доромжлох гэх мэт сөрөг сурталчилгаанууд сонгуулийн үеэр маш хүчтэй идэвхждэг тул цахим орчинд энэ сөрөг байдал гарахаас сэргийлж албан ёсоор бүртгүүлсэн хаягнаасаа сурталчилгаа хийх нь маш зүйтэй гэж үзэж байна.
-Мөн хуулийн төсөлд сонгуулийн зардал бууруулах талаар оржээ. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийг 50 хувь, хэвлэмэл материалыг 30 хувь, ухуулга хуудсыг 50 хувь, зурагт самбарыг 60 хувь багасгахаар тусгасан байна. Ингээд нийт дүнгээрээ сурталчилгаанд зарцуулах зардал 48 хувь буурна гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Энэ хэрэгжих боломжтой юу, уг нь одоогийн хуульд зардлыг бага гаргах талаар тусгасан байдаг ч төдийлөн хэрэгждэггүй шүү дээ?
-Мөн л дээр хэлсэнчлэн хуульд ямар ч нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гагцхүү түүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавих л хамгийн чухал асуудал юм. Ялангуяа сонгуулийн санхүүжилт, зардалтай холбоотой асуудлыг өмнөх сонгуулийн жилүүдээс харж байхад хэрэгжих байдал хангалтгүй, эргээд хяналт тавьдаггүй, хариуцлага тооцддоггүй, далд хэлбэрт байдаг байдал ихээхэн ажиглагдаж байсан. Энэ хуулийн заалтын хэрэгжилт ямар байхыг харах л үлдэж байна.
-Холимог тогтолцоо оруулаад ирэхээр намын жагсаалт гэдэг ойлголт гарна. Өргөн барьсан хуулийн төсөлд жагсаалтыг нээлттэй гаргахаар тусгасан. Үүнийг та сайн тайлбарлаж өгөөч. Нээлттэй гаргана гэдэг нь юу гэсэн үг вэ, иргэд яаж саналаа өгнө гэсэн үг вэ?
-2012 онд 48 нэр дэвшигчийг бид мажоритар тогтолцоогоор шууд сонгогчид дугуйлж байсан. Харин 28 нэр дэвшигч хэн гэдэг хүн байгаа нь тодорхойгүй, зөвхөн намын нэр дугуйлж байсан. Энэ удаагийн сонгуулийн хуульд тусгаснаар намын цаана ямар нэр дэвшигч байгааг ил болгож ард түмэн түүнээс харж сонголт хийнэ гэж ойлгож байна.
-Ингэж нээлттэй гаргахын ач холбогдол юу вэ?
-Энэ удаагийн сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаснаар намын жагсаалтын цаана хэн гэдэг нэр дэвшигч байна гэдгийг харж сонголт хийх нь Үндсэн хууль зөрчигдөхөөс болон ардчилсан сонгуулийн үндсэн зарчмууд алдагдахаас сэргийлнэ. Мөн түүнчлэн сонгогчид шууд сонголт хийх бүрэн боломжоор хангагдаж байгаа зэргээрээ ач холбогдолтой.
Эцэст нь аль нэг тогтолцоог сольж сонгон авч туршиж үзэх нь зүйн хэрэг юм. Гэсэн хэдий ч дэлхий дээр төгс тогтолцоо гэж байхгүй бөгөөд нэг тогтолцоогоор нөгөө тогтолцоог сольсоноор асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн ойлголт өрөөсгөл юм. Өнөөдөр холимог тогтолцоог авч хэрэглээд шууд болно болохгүй гэж хэлэх нь эрт. Тийм учраас Монголчууд бид аливаа тогтолцоог урт удаан хугацааны туршид туршиж хэрэглэж үзэж байж, өөрийн улс орны онцлогт тохируулж хэрэглэж буй сонгуулийн тогтолцооны сул талыг нь сайжруулах нутагшуулах нь чухал юм.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Itoim.mn сайтын сэтгүүлч, редактор