366 мянган төгрөгийн цалин авсан дуурийн дуучин ажил хаяхыг уриаллаа
Соёл урлагийн салбарын ажилтнууд цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа холбогдох газруудад тавьж, жагсаал цуглаан зохион байгуулсан.
Сүүлийн өдрүүдэд сонгодог урлагийн ажилтнууд “Гадаад улс руу гарч хар ажил хийж, амьдарсан зөв сонголт” хэмээн нийтлэх болсон.
ДБЭТ-ын найрал дууны ангийн дуучин залуу “Миний Мөрөөдөл Солонгос улсад очиж ХАР АЖИЛ хийх. Би СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр 2009 онд “ОНЦ” дүнтэй төгсөж одоог хүртэл Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 14 дэх жилдээ найрал дуучнаар ажиллаж байна. Анх театрт ороод цалин бага санагдсан ч сонгодог урлагт хайртай мэргэжилдээ дуртай болохоор бүх зүйл сайхан болно доо гэж зүтгэсээр нэгэнт он цагийг ардаа орхижээ. Манай урлагийнхан мэргэжилдээ үнэнч маш их тэвчээртэй хүмүүс байдаг. Улс орны бүхий л баяр ёслол, найр наадам, төрийн концертод оролцдог. Гэвч үнэндээ цаашид энэ салбартаа ингээд чимээгүй ажиллаж амь зууж явж чадахгүй нь ээ. Тэсвэр тэвчээр маань үнэхээр барагдлаа. Монгол улсад байгаа Соёл урлагийн бүх ажилтан алба хаагчдыгаа уриалж байна, Бүгд ажил хаяцгаая, нэг ч тоглолт баяр наадамд оролцохгүй байцгаая! Миний хагас сарын цалин буужээ. Энэ мөнгөөр ар гэр амьдрал ахуйгаа яаж авч явах вэ?” хэмээн бичиж, нийтэлжээ.

ДБЭТ-ын найрал дууны ангийн дуучнаар 14 жил ажилласан уран бүтээлч тавдугаар сарын урьдчилгаа цалин 366,652 төгрөг авчээ.