AFP: Эмнэлэг, хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэн барилга барьдаг “муухай монгол”
Францын “Agence France-Presse”-т гарсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын замбараагүй барилгажилт, хот төлөвлөлтийн талаарх нийтлэлийг тоймлон хүргэе.
-Монголын барилгын салбарын тэсрэлт нийслэлчүүдийг бетонон ширэнгэн ойд “хорьж” байна-
…Отгоо хүүхэд байхдаа хүн ам сийрэг Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатарт чөлөөтэй гүйж, тоглодог байснаа дурсаад харин одоо хэт их барилгажилтаас болж хүүхдүүд нь бетонон ширэнгэн ойд “хоригдож” байна гэв. Монголчууд олон зууны турш амьдарч байсан уламжлалт сууцаа өндөр барилгуудаар сольсоор байна.
Уул уурхай дагасан эдийн засгийн тэлэлтийн нөлөө барилгын салбар дээр тод илэрсэн. Хорин жилийн өмнө сийрэг байсан Улаанбаатар хотын төв өндөр шилэн барилгаар дүүрч, эмнэлэг, сургуулиас эхлээд хүүхдийн тоглоомын талбайг хүртэл “дээрэмдэн” шигүү барилга барьдгийг хотын уугуул иргэд ярьж байна.
Отгоо (нэрийг нь өөрчилсөн) багадаа өдөржин гадаа өнждөг байжээ. Тэрээр “Бид чоно, туулай болж, хөл бөмбөг тоглодог байсан. Харин одоо манай хүүхдүүд бидэн шиг гүйж чадахгүй, маш хязгаарлагдмал орчинд амьдардаг. Хоосон талбай бүр шинэ орон сууцны байшингуудаар дүүрсэн” гэв.
Монголын уул уурхайн салбарын өсөлт хоёр оронтой тоонд хүрч, 2022 онд нүүрснээс олсон орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг бүрдүүлсэн. Гэвч энэ нь орлогын дийлэнх нь эргээд Улаанбаатар хотод оффисын талбай, тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлтийн давалгааг үүсгээд байна. Улаанбаатарын хүн ам 1990-ээд онд хагас сая байсан бол 2022 онд хоёр сая орчим болжээ. Хотыг дагасан хүн амын хэт их төвлөрөл нь замын түгжрэлээс эхлээд олон асуудлыг дагуулсаар буй.
Улаанбаатар хотын төлөвлөлтөд иргэний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах амин чухал эрх орхигддог бөгөөд хүүхэд, багачууд амралт чөлөөт цагаа өнгөрөөх талбай, байгууламжгүй өсөж байна.
Гурван хүүхдийн ээж Өлзий “Хүүхдүүд маань гадаа тоглох цорын ганц боломж бол амралтын өдөр байдаг. Гэвч тоглох тоглоомын талбай хомс байгаагаас гэртээ үлдэж, дэлгэцийн өмнө ихэнх цагаа өнгөрөөж байна” гэв.
Улаанбаатар хотын төвд байрлах “Шангри-Ла” зочид буудал нь гайхалтай үзэмжтэй, олон зуун өрөөтэй бөгөөд дундаж амьдралтай монгол хүний цалин хүрэхээргүй өндөр үнэтэй. Энэ тансаг зочид буудлын баригдсан газарт нэгэн цагт хүүхдийн парк барихаар төлөвлөж байсан ч өндөр тансаг барилга болж хувирсан.
Хамгийн гунигтай нь Улаанбаатар шинэ сургууль, цэцэрлэг барих газар бараг үлдээгүй тул Улаанбаатар хотын сургуулийн нэг ангид 50-60 хүүхэд чихцэлдэн эрдэмд суралцахаар хичээнэ. Хотын хогийн цэг байх ёстой газрууд дээр нь хамгийн үнэтэй тансаг гэгддэг хороолол, байшингууд боссон. Нийтийн орон зайг хулгайлж /дээрэмдэж/ боссон орон сууц, байрыг тансаг зэрэглэл гэж нэрлэхэд тун хэцүү.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбайн менежмент муу байгаагийн шалтгаан нь хот төлөвлөлтийн хуучирсан стратеги гэж мэргэжилтнүүд үздэг. 2021 онд хотын дарга 2040 он хүртэл сургуулийг эс тооцвол шинэ барилга барих зөвшөөрөл олгохыг хориглож байгаагаа зарласан. Уул уурхайн экспортын орлого хаашаа оров гэж монголчууд бие биенээсээ асууж байна. Хариулт нь, барилгын эрчимтэй өсөлт юм. Өнгөрсөн онд төрийн өмчит томоохон нүүрс экспортлогч компанийн гүйцэтгэх захирлыг авлига авсан хэргээр шалгуулахад, авлигачид дансандаа болон гэртээ бэлэн мөнгө байлгахын оронд тансаг орон сууц худалдаж авдаг нь ил болсон. Монголчууд өндөр барилга хэрэггүй, ашиглагдаагүй газар байвал ард түмнийхээ эрх ашгийн төлөө ашиглах хэрэгтэй гэж үзэж байна.
Орчуулсан: Itoim.mn