Ахмадууд сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэлд ихээр ӨРТӨЖ байна
-Үр хүүхдүүд нь тэтгэврийн зээлийг нь урт хугацаагаар авахуулчихаад гэрээс нь хөөдөг-
“Ахмад настнаа хайрлаж ач санаж яв, буурлаа хүндэлж яваарай буян нь ирнэ” монгол түмэн ярьдаг. Гэвч ахмад настнаа буюу аав ээжийгээ ад шоо үзэж, газрын мухарт гэрийн хорионд ганцааранг орхих зэрэг байдал түгээмэл тохиолддог болжээ.
ҮСХ-ноос гаргасан тоогоор 2021 онд Монгол Улсад 344,766 /эрэгтэй 106,129, эмэгтэй 238,637/ ахмад бүртгэгдсэний 153,724 нь хотод, 191,042 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9,85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж эрчимтэй өсөх хандлагатай байна.
ХЭҮК-ийн 22 оны Хүний эрхийн илтгэлд Ахмад настны эрх, хамгаалал гэсэн сэдэв хөндөгдсөн. Тухайлбал, ахмадуудын нийгмийн хамгаалал, Хөдөлмөрлөх эрх, Эрүүл мэндээ хамгаалах эрх, Хөгжих эрх, хүчирхийллээс ангид байх эрх ямар байгаа талаархи илтгэлээ ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул хэвлэлийнхэнд танилцуулсан юм. Илтгэлээс нь хэд хэдэн анхаарал татах сэдэв байв.
Энэхүү илтгэлд, 10 хүүхэд төрүүлсэн ч нааш ир гэх хүнгүй Нийтийн байранд хаягдсан ахмад байдаг. Нуруу нь хугарч эмнэлэгт хүргэгдсэн нэгэн ахмад настан хүү рүүгээ залгахад “Завгүй байна” гээд эргэж очоогүй аж.
Хөгжлийн бэрхшээлтэй ахмад тэтгэврээ авахаар хоёр буудлын цаадах банк руу бүтэн өдөржин явдаг. Үр хүүхэдгүй учир хамаатан садныдаа байдаг нэгэн ахмад байнга зодуулж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл амсдаг. Ийм асуудлаараа хэнд хаана хандахаа мэдэхгүй явсаар даралт харваад нас барсан. Алслагдсан дүүрэг хорооны….тоотод хүүхдүүдээ аваачиж өгчихөөд эргэж тойрохгүй хаячихдаг зэрэг олон ноцтой кейсүүд гарсан юм.
Гэтэл ахмадуудад ярих, хүндлүүлэх, хайрлуулах, халамжлуулах хэрэгцээ байнга тулгардаг. Тэд хайрлуулж чадахгүй байна. Ахмадууд гэр бүлийн ийм хүчирхийллээс гадна үл хайхрах хүчирхийллийн золиос болдог. Үр хүүхдүүд нь ТЭТГЭВРИЙН зээлийг нь урт хугацаагаар авахуулаад байр савнаас нь хөөгөөд гаргачихдаг. Гэрээсээ болон хүүхдэдээ хөөгдсөн ахмадууд Хүчирхийллийн үндэсний төвд ханддаг байна. Хүчирхийллийн төвд хандахаас өөр хаана хандахаа тэд мэддэггүй. Хүчирхийлэлд өртсөн бол хамгаалалт авч чаддаггүй. Гэр хорооллын ахмадууд сэтгэл гутралд их ордог гэсэн судалгаа байна. Ахмад настнууд нийгмийн хүндэл ямар байгаа талаар судалгаа явуулахад тэн хагас нь сэтгэл ханамжгүй гэж хариулжээ.
Орчны ээлтэй байдал таатай бус. Тухайлбал, ГССҮТ-ийн мэдээллээр осол гэмтэлд өртөж эмнэлгийг тусламж авсан ахмад настны 62,7 хувь нь унаж гэмтжээ.
Ялгаварлан гадуурхалтын нөхцөл байдал ямар байна вэ?
Хөдөлмөрлөх эрхийн хүрээнд 5 ахмад тутмын нэг нь өртдөг. Тэтгэврийн насны хүнийг хувийн байгууллагууд харуул хамгаалагч, цэвэрлэгчээр авдаг. Учир нь, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас ийнхүү компанид ашигтай байдлаар ахмадуудыг ажиллуулж байгаа нэрийдлээр хөдөлмөрийг нь мөлждөг. Мөн хүйсээр, намын гишүүнчлэлээс хамаарч ялгаварлан гадуурхдаг. Хөдөлмөрлөх эрх, хүчирхийлэл ялгаварлан гадуурхалтын цаана хувь хүнд хандах хандлага байна. Тиймээс ахмадуудыг алагчилж болохгүй.
ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул “Ахмадын эрүүл мэндийн асуудалд тусламж үйлчилгээний чанар хангалтгүй. Цаашид ахмад настны эрүүл мэндтэй холбоотой үндэсний хэмжээний суурь судалгааг хийж, судалгааны үр дүнд тулгуурласан оновчтой арга хэмжээ авах, насжилтын үеийн өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийн үр нөлөөг бууруулах шаардлагатай байна.
Мөн ажил хөдөлмөр эрхэлье, хийе гэсэн ахмадууд байдаг ч орон тоо байдаггүй. Ирж байгаа өргөдлийн зарим хувь нь тэтгэврийн зөрүүг арилгуулмаар байна. Бас нэг анхаарал татсан асуудал бол ахмадуудын асаргаа сувилгаа. Улсын хэмжээнд 4 асрамжийн газар бий. Урт хугацааны тусламж үйлчилгээ үгүйлэгдэж байгаа ч одоогоор тусламж үйлчилгээ үзүүлэх төвүүд төрөлжин хөгжөөгүй. Урт хугацааны халамж үйлчилгээ шаардлагатай настнуудыг үр хүүхдүүд нь гэрээр асардаг бол эмзэг бүлгийн ахмадуудыг харах хүнгүй учраас Асрамжийн төв барааддаг. Ахмадын 60 ортой эмнэлэг барилгын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй барилга нь царцсан байдалтай байгаа юм. Энэ цогцолбор төвийг даруй ашиглалтад оруулах, Асаргааны даатгалын хууль эрхзүйн орчныг нэн тэргүүнд бий болгох шаардлагатай байна” гэлээ. Мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас зөрчлийн гэмт хэрэгт хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2023 онд 968 буюу 34,8 хувиар нэмэгдсэн байна.
ХЭҮТ-хүчирхийллийг хэлбэрээр нь авч үзвэл:
–Сэтгэл санааны хүчирхийлэл 64 хувь /хэл амаараа доромжлох, дарамтлах/
-Бие махбодийн хүчирхийлэл 47 хувь /зодох, цохих, гэмтээх/
-Эдийн засгийн хүчирхийлэл 36 хувь /тэтгэврийг нь шууд авчихдаг, хэрэгцээнийх нь мөнгийг огт өгдөггүй/
-Үл хайхрагдах байдал 21 хувь /Аав ээжийгээ тоохгүй, ганцаардуулах, харилцан ярилцаж ойлгохгүй, тусламж туслалцаа үзүүлдэггүй/
-Бэлгийн хүчирхийлэл 0.1 хувийг эзэлж байна.
Ийнхүү ахмадуудын эрх ноцтой зөрчигдөж байна. Төрүүлж өсгөсөн настай аав ээжээ хайрлан хамгаалах ачлах ёстой байтал өндөр настай болуут нь өөрсдөд нь хэрэггүй мэт ад шоо үзэж, алагчилж, эрхийг нь хязгаарлаж зөрчиж байгаа дээрх тоо баримтыг хараад халагламаар.
Бэлтгэсэн: Toim.mn