Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг төлүүлнэ

Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар үе үеийн удирдлагуудын шийдвэрээр олгож байсан сургалтын тэтгэлгээр гадаадын их дээд сургуульд суралцсан хүмүүсийн асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрээр “Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар сурсан хүмүүсийн мэдээллийг нээлттэй ил тод болгож байна. Өмнө нь ИНЕГ-ын үе үеийн даргын тушаал, журмаар сургалтын төлбөрийн гэрээ байгуулдаг ч мэдээлэл хаалттай байсан байна. Эдгээр мэдээллийг ил тод болгож, сайтад байршуулж байна. Мөн ИНЕГ-ын дарга журам баталж гэрээ хийдэг байсныг сайд баталдаг болгож өөрчилж байна.

“ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Нийт 11.4 сая ам.доллар зарцуулжээ. Тухайн үеийн ханшаар тооцвол 28 тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс,

  • Салбарын мэргэжлээр суралцсан 332
  • нийтлэг мэргэжлээр суралцсан 35
  • сургалтын гэрээ цуцлагдсан 11
  • хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж буй 16
  • одоо суралцаж байгаа 14
  • салбартаа ажиллаж байгаа 262
  • хүний нөөцөд бүртгэлтэй 63 байна.

Гэрээний үүргээ биелүүлээгүй 11 хүний нэрс

С.Бямбацогт: ИНЕГ-ын зардлаар сурсан ч төгсөөгүй 11, ажиллахгүй байгаа 63 хүн байна

Сайдын албаа авсны дараа аудитын хяналт шалгалтыг оруулсан. Шалгалтын хүрээнд нэлээдгүй зөрчил дутагдал илрүүлсэн. Үүний нэг нь одоогийн энэ асуудал юм.

АТГ ИНЕГ-ын зардлаар суралцсан хүмүүст хяналт шалгалтын ажлыг хийсэн нь манай мэдээллээс зөрсөнгүй. Бид зөрчлийг арилгахаар зөвлөмж хүргүүлсэн.

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг төлүүлнэ. Учир нь гэрээний үүргээ зөрчсөн болохоор тэр.

Гэрээний үүргээ зөрчөөгүй, салбартаа ажиллаж байгаа, зээлээ төлсөн хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байгаасай хэмээн хүсэж байна. ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсныг ил тод болгоно. ИНЕГ-ын үе үеийн дарга нарын хүүхэд болон тэдний хамаарал сурсан, эрх ашгийн зөрчил гаргасан эсэхийг холбогдох газрууд шалгах байх. Намайг сайдаар ажиллаж байх үед ИНЕГ-ын сургалтын зээлийг хэн нэг нь эрх ашгаараа авсан байвал хариуцлага тооцно. Ер нь шаардлага, журмын шалгуураа хангасан бол даргын хүүхэд сурч болохгүй гэсэн зүйл байхгүй. Гол нь, журам шалгуураа барих нь чухал юм. Манай салбарт цаашдаа өндөр мэргэжилтэй боловсон хүчнээ үргэлжлүүлэн бэлдэнэ. Сургалтын зээлийн сан дээр асуудал гарсан гээд зогсоож болохгүй. Харин журам шалгуурыг нээлттэй тавьж, хэнийг ч ялгахгүйгээр оролцох боломжоор хангана.

Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгчийг буруутгаж болохгүй. Жишээ нь, ковид болон дайны нөхцөл байдлаас болж навигацын орлого багассантай холбоотойгоор ажлын байр цомхотгох, царцаах бодлоготой холбоотой ажиллаж чадахгүй байдалд байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллая гэтэл ажлын байр байхгүйгээс хүлээгдэж байгаа гэдгийг ойлгож, ялгаж шалгаарай.

Монгол Улсад өдөрт дунджаар таван улсын 135 нислэг долоо хоног тутамд хийж байна. Цаашид 10 хүртэлх улс руу нислэг хийхээр төлөвлөж байгаа. Удахгүй АНУ-ын онгоцыг ч манай улсад буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн юм.

Leave a Reply

%d bloggers like this: